Sunday, October 20, 2013

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ИННОВАЦИ


ЮНЕСКО-оос ОХУ-д суугаа төлөөлөгч, ЮНЕСКО-ийн бүсийн төвийн захирал Проф.Д.Бадарч


Дал гаруй жилийн түүхтэй манай орны дээд боловсролын систем сүүлийн 30 орчим жилийн дотор хөгжлийн хоёр том үе шатыг туулсан байна. Эргэцүүлэн бодоод үзэхэд наяад оны дунд үеэс ерээд оны дунд үе хүртэл манай орны дээд боловсролын салбарын хямралын үе байжээ.Энэ үед төрөөс дээд боловсролд олгох санхүүжилтийн хэмжээ жил бүр 25 хувиар буурч, их сургуулийн анги танхимууд хоосорч, багш нарын цалин хөлс эрс буурч, авьяаслаг багш нар их сургуулиа орхин бизнесийн ертөнцөд хүч сорихыг зорьж, их сургуулийн ном сурах бичиг, сургалтын материаллаг бааз нь шинэчлэгдэж чадахгүй хоцрогдож, дээд боловсролын салбарыг хөл дээр нь тогтоох асуудал чухлаар тавигдаж байсан байна.

Ерээд оны дунд үеэс өнөөдрийг хүртэлх үе бол монголын дээд боловсролын тооны өсөлтийн үе байна. Хувийн их сургуулиуд борооны дараахь мөөг мэт олноор байгуулагдаж, 2000 оны эхэн гэхэд хувийн их дээд сургуулийн тоо 140 дөхөж, төрийн өмчийн их сургуулиуд салбар сургуулиудаа хөдөө орон нутагт байгуулж, дээд боловсролын нийт оюутны тоо 2012-2013 оны хичээлийн жилийн эхэн гэхэд 175000-д хүрч, мэргэжилтэн бэлтгэх мэргэжлийн тоо нэмэгдэж, эрдмийн зэрэг хамгаалсан хүний тоо урд урдынхаас эрс олширч иржээ. Монгол улсын шинэчлэлийн Засгийн газраас дээд боловсролын удирдлагыг бэхжүүлж, сургалтын нэгдсэн тогтолцоо бүрэлдүүлж, чанарыг сайжруулах зорилт тавьж байгаа энэ үе нь монголын дээд боловсролд чанарын өөрчлөлт шинэчлэл хийх хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж байна гэж үзэж байна. Өнөөдөр, манай орны дээд боловсролын салбарт чанарын өөрчлөлт хийх таатай нөхцөл бүрдэж байна. Юуны өмнө, дээд боловсролын чанарыг сайжруулах талаар нийгмийн зүгээс тавьж байгаа шаардлага ба хүлээлт улам хүчтэй мэдрэгдэж эхэлсэн, хоёрт төрийн их сургуулиудын удирдлагын бүрэлдүүн бүрмөсөн шинэчлэгдэж, өөрчлөлт шинэчлэлийг гардан хийх чадварлаг залуу баг бүрдэж эхэлсэн, гуравт, дэлхий дахинаа дээд боловсролын хөгжилд гүнзгий өөрчлөлт гарч эхэлсэн, дөрөвт нь бидний амьдралын бүхий л салбарт мэдээллийн технологи эрчимтэй нэвчин орж, юуны өмнө боловсролын салбарт цоо шинэ эргэлт хийхэд хүргэж байна. Дээд боловсролын салбарт чанарын өөрчлөлт гаргах ажлыг дээд удирдлагаас төдийгүй доороос багш, оюутнаас эхлэн хамтын хүчээр хийж байж амжилтанд хүрнэ. Өөрчлөлт гэдэг нь дээрээсээ доош чиглэж байдаг бол инноваци гэдэг нь дээрээсээ доош, доороосоо дээш гэсэн хоёр чиглэлтэй байдаг учраас дээд боловсролд хийх чанарын өөрчлөлтийг шинэчлэлийн инноваци гэж нэрлэх нь илүү тохиромжтой юм.Дээд боловсролын шинэчлэлийг салбарын хэмжээнд ба их сургуулиудын хэмжээнд гэсэн заагтайгаар хэрэгжүүлэх шаардлагатай. Салбарын хэмжээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүнд:
  1. Төрөөс төрийн өмчийн их сургуулиудын тухайлбал, 2030 он хүртэлх алсын зорилгыг тус бүрд нь тодорхойлж өгөх шаардлагатай байна. Жишээ нь Монгол улсын төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс 2030 он гэхэд Монгол улсын Их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль нь Азийн 200 топ их сургуулийн жагсаалтад орох зорилтыг тавьж өгөх хэрэгтэй юм. Ийм алсын том зорилго тавьснаар их сургуулиудын удирдлага, хамт олны өмнө тодорхой зорилт тавьж, түүнийг хэрэгжүүлэхэд тэдний урам зориг, мэдлэг чадварыг дайчлан чиглүүлэх боломж бүрдэнэ. Их сургуулийн өмнө тавигдаж байгаа алсын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд төрөөс тусгай хөтөлбөр, тухайлбал, “Мэдлэгийн зууны шилдэг их сургууль” гэх мэт тусгай санаачлагыг гаргаж, санхүүжилт хийх, хөрөнгө оруулалт хийх, гадны техникийн тусламжийг хэрэгжүүлэх талаар бодлого хэрэгжүүлбэл зохино.
  2. Төрөөс их сургуулийн бие даасан байдлыг хангаж, улмаар их сургуулийн амьдралыг мэддэг, өндөр боловсролтой, алсын хараатай, чадварлаг удирдах зөвлөлийг байгуулж ажиллуулахад бодлоготой хандвал зохино.
  3. Манай орны аж ахуйн нэгжийн хуулиар их дээд сургуулиудын статус тодорхой бус байгааг харгалзан, их сургуулиудын статусыг цаг үеийн шаардлагын дагуу тодорхой болгож эрх зүйн хувьд баталгаажуулбал зохино. Үүний нэг сонирхолтой хувилбар нь ашгийн бус корпораци байж болох юм. 
  4. Их сургуулийн удирдлагын манлайллыг дээшлүүлэх үүднээс шинээр томилогдсон удирдах баг бүрэлдүүнийг сургалт семинарт тогтмол хамруулах замаар тэдний удирдлагын арга барил, манлайлал, менежментийн ур чадварыг дээшлүүлэх ажлыг хэрэгтэй юм.Орчин үеийн их сургууль бол насан туршдаа сурах үзэл баримтлалыг  тууштай хэрэгжүүлж, сургахаасаа илүү сурах орчин бүрэлдүүлэхэд онцгой анхаарч, сурах үйл ажиллагааг шинэ арга барил, орчин үеийн технологи ашиглан бүх талаар дэмжиж, онолын өндөр мэдлэг, практик дадлага эзэмшсэн, харилцааны өндөр боловсролтой, бүтээлч, системийн сэтгэлгээтэй, мэргэжлээрээ болон хүнтэй хамтран ажиллах цогц чадамж бүхий мэргэжилтэн, нийгмийн идэвхитэй гишүүн бэлтгэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэх болжээ.                 
Орчин үеийн их сургуулийн профессор багшийн үйл ажиллагааны хувьд ч ихээхэн өөрчлөлт гарч, сурах үйл ажиллагааны архитектор, дизайнер болж, оюутны сурах үйл ажиллагааг бүх талаар дэмжин, тэдний авьяас, ур чадварыг нээж хөгжүүлэхэд онцгой анхаарах болж байна. Оюутан залуусын хувьд үзсэн, харсан, уншсан, сонссоноо мэдлэг болгохын тулд эргэцүүлэн бодож, тунгаан шүүж, өөрийн үнэлэлт дүгнэлтээ гаргаж сурах замаар сэтгэлгээгээ хөгжүүлж, мэдлэг чадвараа дээшлүүлж, мэдлэгийг хэрэглэгч төдийгүй бүтээгч байхын төлөө бүхий л авьяас чадвараа дайчлан ажиллаж сурах  шаардлага тавигдах болжээ.Ийм учраас их сургуулийн түвшинд шинэчлэлийн инновацийг хэрэгжүүлэхдээ дараахь чиглэлүүдийг анхаарвал зохионо. Үүнд:
Сургалтын талаар өөрчлөлтийг:
  1. Их сургуулиудын хувьд сургалтын төлөвлөгөөний зураглалыг хийж, мэргэжлийн чиглэл, давхардлыг зохицуулах ажлыг их сургуулийн зориулалт, сургалтын чанарын үүднээс авч үзэх нь зүйтэй болов уу.
  2. Их сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг орчин үеийн шаардлагын дагуу өөрчилж, шинэчилж, оюутанд бүтээлч болон системийн сэтгэлгээ, харилцааны соёл зэрэг 21-р зууны шинэ арга барил эзэмшүүлэхээр тусгахын дээр юуны өмнө сурах үйл ажиллагааны үр дүнд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.
  3. Сургалтын ажлын зохион байгуулалтыг кредит системийн үндсэн дээр нийт их сургуулиудад хэрэгжүүлэх нь дээд боловсролын нэгдсэн систем бүрдэх үндэслэл болохын дээр их сургуулиудын хоорондын хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэх, олон улсын хэмжээнд хамтарсан сургалтад хамрагдах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энэ талаар ШУТИС-ийн хуримтлуулсан туршлагыг бусад их сургуулиудад нэвтрүүлэх нь үнэ өртөг багатай, үр өгөөжтэй ажил болно.
  4. Их сургуулийн сурган заах аргыг орчин үеийн шаардлагын дагуу өөрчлөн шинэчилж, сургалтын нээлттэй нөөц материалыг бэлтгэх замаар сурах орчныг бүрдүүлэх, улмаар олныг хамарсан онлайн сургалтыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулж, сургалтын чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ чиглэлээр сургалтын нөөц материал боловсруулах төв байгуулан ажиллуулж, эх хэл дээр шинжлэх ухааны мэдлэгийн талаар чанар сайтай сургалтын материалыг бий болгож, чөлөөтэй нээлттэй лицензтэйгээр түгээх ажлыг өргөн хүрээтэй хийх нь зүйтэй.
  5. Их сургуулийн профессор багшийн цогц чадамжийн хүрээг тодорхойлж, тэдний үйл ажиллагааг тодорхой үр дүнгээр нь тал бүрээс нь үнэлдэг шинэ тогтолцоог бий болгох хэрэгтэй. Багшийн үйл ажиллагааг үнэлэхдээ 360 градусын үнэлгээ зэрэг орчин үеийн арга техникийг ашиглаж болох юм.

Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын эцсийн зорилго нь үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогыг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэх ёстой. Үүний тулд:
  1. Их сургуулийн эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх, инновацийн тэргүүлэх чиглэлийг хэлэлцэн баталж, түүнийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх шаардлагатай.
  2. Профессорын баг байгуулж ажиллуулах ажлыг зохион байгуулалт, санхүүжилтийн талаар дэмжиж, тэдний үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээг авч ажиллавал зохино. Улсын хэмжээний профессорын орон тоог БШУЯ-наас жил бүр их сургууль тус бүрээр баталж, тухайн албан тушаалд 2 жилийн хугацаагаар шилдэг эрдэмтдийг томилон ажиллуулж, тэдний эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор “Өвсний үндэс” тусгай санхүүжилтыг олгож, үр дүнг тооцож ажиллаж болох юм.
  3. Их сургууль дундын технологи арилжааны төвийг байгуулж, технологийн брокер хөтөлбөр хэрэгжүүлэх, их сургуулийн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, инновацийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж болох талтай.
  4. Их сургууль-үйлдвэрлэл, бизнесийн холбоог бэхжүүлж, оюутны дадлагын бааз бий болгож, оюутанд мэргэжлийн дадлага чадвар олгохын зэрэгцээ их сургуулийн сургалтын ажилд үйлдвэрлэл бизнесийн салбараас тавьж буй шаардлагыг сонор мэдэрч, зохих өөрчлөлтийг цаг тухайд нь сургалт эрдэм шинжилгээний ажилд хийж байх хэрэгтэй.

Их сургуулийн удирдлагын хүрээнд зарим нэг зайлшгүй хэрэгжүүлэх асуудлууд хуримтлагдсныг харгалзан дараахь зүйлийг зөвлөж байна. Үүнд:
  1. Их сургуулийн удирдлагууд шинэчлэгдэн, шинэ удирдлагын баг бүрдсэнтэй уялдан их сургуулийн шинэчлэлийн инновацийг хийх чадварыг бий болгох, их сургуулийн алсын зорилго, эрхэм зорилго, үнэт зүйлсийг дахин эргэн харж, шинэчлэн, нийт хамт олонд ухуулан тайлбарлаж, хамт олноороо хүлээн зөвшөөрсөн алсын зорилготой ажиллаж, богино хугацааны амжилтанд хүрэх чиглэлүүдийг зөв тодорхойлж, улмаар хамт олны итгэл найдварыг хүлээж, тэднийг урамшуулан зоригжуулж, их сургуулийн өмнөх том зорилтыг хэрэгжүүлэх ажилд хүн бүрийн оролцоог дээшлүүлэхэд онцгой анхаарвал зохино.
  2. Их сургуулийн хэмжээнд манлайллыг бодит ажил болгож, удирдах ажилтан бүр өөрийн хариуцсан салбартаа манлайлагч байж, баг болон хамтран ажиллах, бусадтай харьцах чадварыг дээшлүүлж, байгууллагаараа суралцах соёлыг нутагшуулах нь амжилтын нэг үндэс гэдгийг сайтар ойлгож ажиллавал зохино.
  3. Их сургуулийн хэмжээнд үр дүнгийн менежментийг бүрэн утгаар нь нэвтрүүлж, алсын зорилгоо тодорхойлж, эцсийн дүнд хүрэх үр дүнгээзөв томъёолж, түүнд хүрэх стратегиа бодож боловсруулж, ажлынхаа үр дүнг үнэлэх бодит үзүүлэлтүүдийг гаргаж, улмаар бодитой, шударга үнэлгээний тогтолцоог бий болгож хэвшүүлэх шаардлагатай байна.
  4. Их сургуулийн хэмжээнд санхүүгийн менежментийн шинэ тогтолцоог бий болгож, үйл ажиллагааны нэгжийн үнэлгээг тодорхойлж, тухайлбал, мэргэжилтэн бэлтгэх өртгийн тооцоог бодитой гаргаж, төсвийн болон сургалтын төлбөр, бусад орлогын зарцуулалтыг үр өгөөжтэй, ил тод, хариуцлагатай болгох талаар бодлоготой хандах цаг болсон байна. Их сургуулийн төсөв хөрөнгийг юуны өмнө алсын зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор зарцуулах тогтолцоог бий болгох шаардлагатай.
  5. Их сургуулиуд орлогоо нэмэгдүүлэх талаар шинэлэг арга замыг хайж, тухайлбал, сурах бичгийн борлуултаас орлого олох, судалгааны болон зөвлөлгөө өгөх үйлчилгээнээс орлого олох, төгсөгчид, дэмжигчдээс хандив цуглуулах, хөрөнгө босгох ажлыг бодлоготой хэрэгжүүлбэл зохино.

Их сургуулийн хамтын ажиллагаа, гуравдахь эрхэм зорилгыг хэрэгжүүлэх талаар дараахь зүйлийг зөвлөж байна. Үүнд:
  1. Ардчиллын ачаар манай орны их дээд сургуулиудын хамтын ажиллагаа өргөжин тэлж, гадаадын олон орны их дээд сургуулиудтай хоёр талын хамтын ажиллагааг тогтоож ажиллаж эхэлсэн байна. Харин энэ хамтын ажиллагааны үр өгөөжийг эргэн харж, их сургуулийн өмнөх зорилтыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглүүлбэл зохино.
  2. Олон улсын мэргэжлийн холбоо, их сургуулиудын сүлжээнд оролцох талаар анхаарч, олон улсын төсөлд хамтлаг байгуулж оролцох, гадаадын их сургуулиудтай профессор, судлаач оюутан солилцох тусгай хөтөлбөр боловсруулах, хамтарсан сургалт явуулах, олон улсын нэр хүнд бүхий аккредитацийн байгууллагаар үнэлгээ хийлгэх зэрэг үр өгөөжтэй хамтын ажиллагааг юуны түрүүнд дэмжих шаардлагатай.
  3. Их сургуулийн зүгээс оюутан, эцэг эх, нийгэмд үзүүлэх үйлчилгээний цар хүрээг эрс нэмэгдүүлж, тухайлбал, төгсөгчдийн мэргэжлийн ур чадвар, зах зээлийн шаардлагын зөрүүг судалж, төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлыг байнга судалж, тэдэнд ажил эрхлэх чадварыг нэмэлт сургалтаар олгох, ажил эрхлэлтийн талаар үйлчилгээ дэмжлэг үзүүлэх, оюутан залуучуудад, ялангуяа шинэ оюутнуудад анхаарал тавьж, тэдэнд зөвлөлгөө өгөх, тусламж үзүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх чиглэлээр тусгай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар нийгэмдээ тустай ажлыг багш оюутны хүчээр байнга хийдэг байх шаардлагатай.
  4. Их сургуулиуд болон ахлах дунд сургуулиудын хоорондын уялдаа холбоог дээшлүүлэх талаар тодорхой санаачлага, ажлуудыг эхлүүлэх, тухайлбал, сурагчдын дунд технологийн боловсрол олгох, зохион бүтээх, авьяас чадварыг хөгжүүлэх арга хэмжээг хамтран зохион байгуулах талаар тодорхой алхам хийх нь зүйтэй.

1 comment: