ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА

Дээд боловсролын тогтолцоон дахь х
ууль эрх зүй, нийгмийн бодлого

Доктор Нитца Давидович
Самарын Ариел их сургууль
Ариел 40700, Израйл
Хураангуй
Сүүлийн жилүүдэд Израйлийн боловсролын тогтолцоо эрс өөрчлөгдсөн. Дээд боловсролд нэгдсэн тодорхой чиг шугам үгүйлэгдэж байгаа учраас дээд боловсролыг олон нийтийн өргөн шүүмжлэлийн гол асуудал гэж үзэн энэхүү эрдэм шинжилгээний өгүүллийг бичлээ. Засгийн газар дээд боловсролын асуудалд хөндлөнгөөс оролцож зохицуулах ёстой юу? Энэ асуултанд хариулт өгөхөөр орчин үеийн дээд боловсролын бодлого зохицуулалтын гүйцэтгэх үүрэг, удирдлага болон чанарын баталгааг Израйлийн жишээн дээр авч үзнэ. Мөн Израйлийн дээд боловсролын өнөөгийн бодлого, ирээдүйн хөгжлийн хэд хэдэн чиг хандлагын талаар өгүүлнэ.

1. Удиртгал
Сүүлийн жилүүдэд Израйлийн боловсролын системд “жинхэнэ хувьсал” гэж нэрлэгдэх эрс өөрчлөлт хийгдсэн. Боловсролын салбарт гарсан өөрчлөлт Израйлийн дээд боловсролын системийн олон хүчин зүйлд нөлөөлсөн. Тухайлбал, оюутны тоо огцом өсч, магадлан итгэмжлэгдсэн байгууллагын тоо нэмэгдэж, хууль эрх зүй, бодлого зохицуулалтад өөрчлөлт хийгдсэн. Эдгээр эрс шийдэмгий алхамууд нь их, дээд сургуулийн хязгаарлагдмал бус “зах зээлд” тусгагдан дээд боловсролын удирдлага, академик сургалтын эрх чөлөө хоорондын хамаарал зэрэг хурц асуудлыг хөндсөн олон нийтийн цуврал хэлэлцүүлэг явуулахад хүргэсэн юм.
1980-аад оноос хойш даяарчлал хүрсэн газар бүртээ нөлөөлөн өрсөлдөөн, арилжаа наймаа, зах зээлийн хүчин чадал, чөлөөт зах зээлийг дагуулах болсон. Сэтгэлгээний эрх чөлөө болон судалгаа хийх эрх чөлөө нь нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс ангид байдаг гэж уламжлалт ёсоор үздэг хэдий ч дээд боловсрол өнөөдөр капиталист сэтгэлгээ, ашигтай байх зарчмыг дээдлэх үзэл, дээд боловсролын чанарт муугаар нөлөөлөх бүхий л үйл ажиллагааны чиглүүлэгч болсон “үл үзэгдэх гар”-т найдах нөлөөнд автаад байна. Дээд боловсролыг тойрсон бэрхшээл дэлхийн олон газарт харилцан адилгүй хурдтайгаар учирч байна.
Эдгээр өөрчлөлт Израйл улсад 1990 оны эхэн үеэс хойш хийгдсээр байгаа бөгөөд хэзээ дуусах нь тодорхойгүй юм. Олон нийтийг хамарсан өөрчлөлт гарахад холбогдох байгууллагын тодорхой төлөвлөсөн, нэгдсэн бодлого дутагддаг. Дээд боловсролын бодлогын хувьд ихэнх тохиолдолд “гараа хумхиад суу” гэсэн байдлаар явж байна.
Дээд боловсролд нэгдсэн тодорхой чиг шугам үгүйлэгдэж байгаа учраас дээд боловсролыг олон нийтийн өргөн шүүмжлэлийн гол асуудал гэж үзэн энэхүү эрдэм шинжилгээний өгүүллийг бичлээ. Засгийн газар дээд боловсролын асуудалд хөндлөнгөөс оролцож зохицуулах ёстой юу? Зарчмын энэ асуудлыг дагалдан өнөөгийн академик боловсролын хяналт удирдлага тохиромжтой эсэх, хэрэв тийм бол хэр тохиромжтой вэ гэх мэт хамааралтай олон асуулт урган гардаг. Хэрэв Израйлийн дээд боловсролд либерал зах зээлийн бодлогыг авч хэрэгжүүлбэл зах зээлийн хүчин чадал хэр хэмжээгээр хүлээн авах ёстой вэ? Ийм шийдвэр гаргасны үр ашиг ямар байх вэ? Дээд боловсролд талуудын тохиролцоогүйгээр давуу чанараа хадгалах боломж бий юу? Тэгэхээр энэхүү судалгааны ажлаар Израйлийн дээд боловсролын бодлогын хөгжлийг тодорхойлж, боломж болон чанарыг нэмэгдүүлэх гэсэн хос зорилгодоо хүрэхэд зайлшгүй шаардлагатай бодлогын өөрчлөлтүүдийг нотлон өгүүлэх болно.
1.1 Зохицуулалт ба даяарчлал - Олон нийтэд чиглэсэн бодлогын өөрчлөлт 
Нийгмийн үйлчилгээ, бараа таваарын арилжааг зохицуулдаг тогтоол журмын багцыг өргөн утгаар нь зохицуулалт гэж ойлгодог. “Зохицуулалт” гэх нэр томъёог хяналт удирдлага, хөндлөнгийн оролцоо эсвэл тодорхой үйл ажиллагаатай байгууллага гэж ойлгоно. Засгийн газрын түвшинд “зохицуулалт” нь тухайн засгийн газрын эрх мэдлийн хүрээнд хэрэгждэг арга хэмжээг зохицуулах үйл ажиллагаанд хамаардаг бөгөөд тухайн орны загвар, зохицуулалтын хэр хэмжээнээс хамааран орон бүрт харилцан адилгүй байдаг.
“Зохицуулалт” гэх нэр томьёо нь зохицуулалтын үндсэн зорилгын дагуу олон нийтийн эрх ашгийг хамгаалах утгыг илэрхийлэн эдийн засгийн онолын талбарт анх хэрэглэгджээ. Түүхэн үүднээс үзэхэд чөлөөт зах зээлийг хянадаг механизмаар дамжуулан засгийн газрын зохицуулалтыг хэрэгжүүлсэн анхны орон бол АНУ юм. Чөлөөт зах зээлтэй орны хувьд АНУ 20-р зууны эхэн үеэр зах зээлийн хүчин чадлыг тогтворжуулах, үнийг хянах, зах зээлд оролцох хязгаарыг тогтоох үүднээс зах зээлийг хянах шаардлагатай гэж үзжээ. Эдгээр зорилго нь цаг хугацааны явцад өөрчлөгдөж, одоогийн зохицуулалт нь гол төлөв нийтийн эрүүл мэндийг сайжруулах, гэнэтийн аюулаас сэргийлэх, нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах чиглэлд шилжсэн байна. 1960-аад оноос хойш “зохицуулалт” гэх ойлголтонд өөрчлөлт орж, өсөн тэлж буй даяарчлал хийгээд дэлхий дахинд үзэл суртлын болоод прагматик хувьслыг бий болгосон нийгэм, эдийн засгийн үйл явцтай нягт уялдах болж, өрсөлдөөний зарчмыг өргөжүүлэн түгээж, улмаар чөлөөт ардчилал, зах зээлийн хувьчлал руу залж байна.
Нийгмийн халамжийн байдал уналтанд орсон тэр үед засгийн газрын оролцоо болон зах зээлийн хяналтыг дэмждэг Кэйнсийн эдийн засгийн сургаал онол “сул дорой төрийн” эдийн засгийн бодит байдлыг “үл үзэгдэх гараар” албадан зохицуулах ёстой гэж тайлбарлажээ.
Олон жилийн туршид зах зээл, нийгэм, эдийн засаг өөрийн хүчиндээ бүрэн итгэлтэйгээр “үл үзэгдэх гар”-аар жолоодуулсан ч одоо “шинэ зохицуулалт төр” тайзнаа гаран удирдлагын үүргийг гүйцэтгэж байна. “Шинэ зохицуулалт төр” нь АНУ, Их Британи, Европын бусад орнууд зэрэг газар зүйн өргөн бүс нутгийг хамран оршиж байгаа бөгөөд тодорхойлолтын дагуу зохицуулалтгүй гэж нэрлэгдсэн улс орнууд үүний дотор байж болох юм.
“Зохицуулалт төр” гэж хөгжлийн шинэ түвшинд хүрсэн улс үндэстнийг хэлэхээс гадна, засаглал хуваах бодлогод суурилан олон нийтийн хяналт дэмжлэгтэйгээр хүнд суртлын бодлогыг халж, нийгмийн халамж, сайн сайхны төлөө ажилладаг төрийг хэлнэ. Энэхүү засаглал хуваах онол нь янз бүрийн байгууллагын бодлого боловсруулагчид болон бодлого хэрэгжүүлэгчдийн дунд зааг бий болгон, мөнхүү захиалагч (засгийн газар) болон нийлүүлэгч (зах зээл)-ийн ялгааг илэрхийлэх энгийн бүтцийг бүрдүүлэхээс гадна олон нийтийн ашиг сонирхлын төлөө гэсэн нэрийдлээр зах зээлд нөлөөлөх зорилготойгоор засгийн газрын урт гар болж үйлчлэх бие даасан институтууд ч үүсдэг.
Даяарчлалын нөлөөгөөр капитализмын эдийн засгийн салбарын үзэл баримтлал их, дээд сургуулийн амьдралаас тасархай хүрээллийнхэнд нэвтэрч, тэдний оршин буй бүх хүрээнд нөлөөлж байна. “Даяаршиж буй улс төрийн эдийн засаг нь их сургуулиудын удирдуулах арга барилд нөлөөлж, улмаар бизнесийн үнэ цэнэ, зах зээлийн асуудлыг зөв чигээр илэрхийлэх удирдлагын шинэ зарчим, хариуцлагатай байх зарчим, өмч хувьчлал зэрэг практик асуудлыг хэлэлцэхэд хүргэж байна”.
Эдгээр нөлөөлөл нь мэдлэгийг “бүтээгдэхүүн” болгон хувиргаж, дээд боловсрол дахь өрсөлдөөн болоод боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй боловсролын системийн бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, дээд боловсролын статусыг хамгаалах, боловсролын зэргийн нэр хүнд унахаас сэргийлэх зайлшгүй шаардлагыг бий болгосон. Израйлийн дээд боловсролын хувьд ийм хэлбэрийн зохицуулалтын механизмууд зөв байрандаа байна уу?, хэрэв тийм бол тэдгээр механизм гэж яг юу вэ?, тэдгээр механизм яаж ажиллах вэ? гэсэн асуултууд урган гарч байна. Израйл улсад зохицуулалт төр бий юу? Энэ асуултанд хариулахын тулд Израйлийн дээд боловсролын системийн түүхийг зохицуулалтын механизмын тухай тодорхой тайлбарын хамт танилцуулъя.
1.2 Израйлийн дээд боловсролын тогтолцооны түүх ба хөгжил
1.2.1 Чөлөөт, бие даасан зохицуулалт
Өнөөгийн Израйл улс байгуулагдахаас бүр өмнө дээд боловсрол нь тус нутгийн еврейчүүдийн хувьд хамгийн чухал зүйл байжээ. Тухайн үед байгуулагдсан дээд боловсролын хамгийн шилдэг хоёр байгууллага нь Технион институт (1925 он), Вайзманн институт (1934 он) юм. Эдгээр институтыг байгуулсан явдал нь төр оршин байхад дээд боловсрол ямар чухал ач холбогдолтойг харуулсан. “Израйл улс зорилгоо өөрөө тодорхойлох ёстой: бүх залуу үеийнхэнд тэдний эцэг эх нь баян чинээлэг, ядуу дорой байх эсэх, тэд Ази, Африк, Европоос ирсэн эсэхийг үл харгалзан анхан, дунд, дээд боловсрол олгох, Израйлд буй бүх охид, хөвүүдэд академик боловсрол эзэмшүүлэх учиртай...” гэсэн байдаг.
Хэдийгээр тэр үед ихэнх газар нутагт нь хагас цэрэгжилтийн зохион байгуулалт тогтсон байсан ч академик боловсролын байгууллагууд нь бие даасан зохицуулалттай дэглэмийн дагуу бие даан ажиллаж байжээ. Улс орон байгуулагдахаас өмнө хангалттай байсан эдгээр зохион байгуулалт нь дээд боловсролын байгууллагад тулгах улс төрийн бодлогод нэрмээс болж өгсөн. Улс байгуулагдсан эхний он жилүүдэд засгийн газар ихэнх төсвийг хянаж байсан ба боловсролын байгууллага төрөөс хамааралтай болсныг бататгах, хүнд сурталтай удирдлагыг тулгах оролдлогыг удаа дараа хийж байв.
1.2.2 Хяналттай, бие даасан зохицуулалт
1958 онд баталсан Дээд боловсролын хорооны тухай хуулиар боловсролын салбарт оролцох засгийн газрын хөндлөнгийн оролцоо хязгаарлагдаж, засгийн газрын хяналтыг Израйлийн дээд боловсролд тогтоохыг эрэлхийлж байсан олон санал санаачилга төсөл болжээ. Тус хуулиар Дээд боловсролын хороо байгуулах ажлыг зохицуулж, тус байгууллагыг “дээд боловсролын хэрэг эрхлэх төрийн байгууллага” хэмээн тунхагласан. Дээд боловсролын хорооны эрх, үүрэгт магадлан итгэмжлэх, сургалтын хөтөлбөрийг шалгах, дээд боловсролын бүх байгууллагад төрийн санхүүжилтийг хуваарилах ажлыг багтаасан байна.
Тус хороо улс төрийн харъяалалгүй 25 гишүүнээс бүрдэж, эдгээрийн 17 нь боловсролын салбарынх байв. Хорооны зорилго нь засгийн газар болон өөрийн удирдлагатай дээд боловсролын байгууллагуудын хооронд холбогчийн үүрэг гүйцэтгэх явдал ажээ. 1970-аад оны дунд үед Дээд боловсролын хороо нь дээд боловсролын төсөв санхүүжилтийн асуудлыг хариуцсан хоёрдогч нэгж болох Төлөвлөлт, төсөвлөлтийн зөвлөлтэй нэгдсэн. Төлөвлөлт, төсөвлөлтийн зөвлөл нь тус хорооны удирдлагын шийдвэрээр батлагдсан бөгөөд Дээд боловсролын хорооноос гаргасан шалгуурын дагуу төсвийн хуваарилалтыг хийх үүрэгтэй байв.
Дээд боловсролын хороо Төлөвлөлт, төсөвлөлтийн зөвлөлтэй хамтран их, дээд сургуулиудыг төрийн агентлагийн хяналтан дор бие даасан үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөн олон нийтийн зохицуулалттай системийг бий болгожээ. Их сургуулиуд өөрийн хяналттай үйл ажиллагаанаасаа ашиг шимээ хүртэж, Дээд боловсролын хороо Израйлийн дээд боловсролын системд захиргааны эрхэм дээд үүрэг хариуцлагыг үүрэн, мөн дээд боловсрол эзэмших боломжийг хязгаарлаж, боловсролын байгууллага бүрт хуваарилсан санхүүжилтээр дамжуулан зах зээлийн бүтцэд нөлөөлөх байдлаар боловсролын салбарын манаачийн үүрэг гүйцэтгэж байлаа. Энэхүү бодлогыг мөн “Нэгдсэн бодлогын дэглэм” гэж нэрлэдэг бөгөөд 1990-ээд оны эхэнд дээд боловсролын системийн шинэчлэл хийх хүртэл үргэлжлэн хэрэгжсэн юм.
2. Дээд боловсролын шинэчлэл – Өөрчлөлтийн хариу
1980-аад оны сүүлээр нийгэм, эдийн засаг, улс төр, хүн ам зүйн хүрээнд хийгдсэн өөрчлөлтүүд олон нийтийн үйлчилгээний чиг хандлагад өөрчлөлт хийхэд хөтөлсөн ажээ. Шинэ эрх зүй болон нео-лебирализм хүчээ авснаар олон нийтийн үйлчилгээ, ялангуяа боловсролыг дахин шинэчлэхэд тустай зах зээлийн боломжийг дэмжихэд уриалан дууджээ. Мөн энэхүү уриалгыг Израйлийн хууль тогтоох дээд байгууллага Кнесет дэмжин, магадлан итгэмжлэгдсэн зарим байгууллагыг өргөтгөх хөтөлбөрийг Израйлийн засгийн газар 1994 оны 3694 тоот тогтоолоороо баталсан байна.
Мөн тэр үед төрөөс санхүүждэггүй дээд боловсролын байгууллагуудыг үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрч, гадаадын их, дээд сургуулийг орон нутагт салбараа нээхийг дэмжжээ. 1995 онд Дээд боловсролын тухай хуулинд оруулсан 10-р нэмэлт өөрчлөлтөөр коллежууд мэргэжлийн зэрэг олгох эрхийн зөвшөөрөлтэй болж, дээд боловсролын системийн нэгэн хэсгийг бүрдүүлэх болов. Уг хуулинд зааснаар коллеж бол “их сургууль биш бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн нэг болон түүнээс дээш мэргэжлийн зэргийг төгсөгчдөдөө олгохоор магадлан итгэмжлэгдсэн, эсвэл зөвшөөрөл олгогдсон дээд боловсролын байгууллага мөн” гэж заасан байна (Дээд боловсролын хорооны тухай хууль, 10-р нэмэлт өөрчлөлт, 1995 он).
Энэхүү эрх зүйн шинэчлэлүүд нь Израйлийн дээд боловсролын системийн олон талт хөгжил, өмч хувьчлал, олон улсын харилцааны нэгдлийг бий болгосон. Олон талт хөгжлийн бодлого нь төрөөс санхүүжилт авах боломжтой судалгааны бус олон нийтийн коллежын тоо 1980 онтой харьцуулахад гурав дахин өсөхөд нөлөөлсөн байна. Дээд боловсролын хорооноос боловсролын зэрэг олгох явдлыг тус хорооноос санжүүжилтгүй хувийн байгууллагуудад зөвшөөрснөөр өмч хувьчлал эхэлжээ. Олон улсын харилцааны нэгдэл нь Израйлийн дээд боловсролын системд гадаадын их сургуулиуд нэвтрэн орж, салбар сургуулиуд олширч, магадлан итгэмжлэгдэх явцад тусгалаа олсон. 1998 оноос өмнө (Дээд боловсролын хорооны тухай хууль, 10-р нэмэлт өөрчлөлт, 1995 он) өргөжин тэлэх явдал орон нутгийн ямар ч хяналтанд байгаагүй ажээ.
Тухайн үеийн зохицуулалтын тогтолцоонд үлгэр жишээ өөрчлөлт болсон энэ шинэ хуулийн нөлөөгөөр шинээр байгуулагдсан улсын санхүүжилттэй коллеж болон хувийн коллеж, гадаадын их сургуулиудын тархалт, мөн суралцагчдын тоо асар ихээр нэмэгдсэн. 1980-аад оны сүүлчээр 20-29 настангуудын ердөө 8% нь бакалаврын ангид элсэн сурч байсан ба их сургуульд элсэгчдийн тоотой харьцуулахад коллежид, ялангуяа ажлын зах зээлд эрэлттэй тусгай мэргэжлийн чиглэлтэй коллежид орсон оюутны тоо аажмаар нэмэгдэж байжээ. Энэхүү чиг хандлага нь Дээд боловсролын хорооноос судалгааны чиглэлээр боловсролын зэрэг олгох хөтөлбөрийг коллежуудад зөвшөөрөл олгосны дараагаар хурдассан аж. Харин 2009 оны байдлаар Израйл улс 245000 оюутантай болсноос 64% нь коллежид элсэн суралцаж байв.
3. Дээд боловсролын бодлого – Дэлхийн улс орны жишээ
Олон нийтийн ярианы сэдэв болж, олны анхаарлын төвд өртдөг дээд боловсролын нэр хүнд 1990 оноос хойш өссөн нь гэнэтийн зүйл биш юм. Үнэнийг хэлэхэд энэхүү өсөлт нь дээд боловсрол дэлхий нийтийг хамрах чиг хандлагыг дүрслэн харуулна. Дээд боловсролын эрэлт хэрэгцээний энэхүү асар их өсөлт дээд боловсролын хүртээмжтэй байлгах асуудлыг шийдэхэд засгийн газарт дарамт учруулсны сацуу дээд боловсролын системийг хянах хэрэгцээ шаардлагыг тодруулж өгсөн аж.
Дээд боловсролын хэтийн ирээдүйгээс хол энэхүү зөрчилдөөн нь гол төлөв нэг үзэл санааны шинжтэй юм. Нэг тал нь академик орчинд зах зээлийн хүчийг нэвтрүүлэхийг хүсч байхад нөгөө тал буюу боловсролын орчин одоо үйлчилж буй зохицуулалтын механизмаа хэвээр хадгалахыг  хүснэ.
Бодлогын түвшинд Израйл улсын зүгээс боломж, санхүүжилт гэсэн хоёр гол асуудал дээр тодорхой шийдвэр гаргах ёстой. Энэ хоёр хувьсагчийн хоорондын хамаарал харьцангуй төвөгтэй. Төрийг хүчлэн хувийн байгууллагын хувьд зах зээлийг нээлттэй болгож, боломжийг нэмэгдүүлэхэд оюутны тоо ихсэх боловч төрд илүү их эдийн засгийн дарамт үүснэ. Үүний үр дүнд боломж нэмэгдэж санхүүжилтийн асуудал шийдэгдэх боловч хувийн байгууллагын дунд чанарын ялгаа үүснэ. Энэ бол АНУ-ын хувийн их сургууль, улсын коллежуудын аль алинд нь тохиолддог нөхцөл байдал юм. Хэдийгээр хэрэглэж болох боломж нь их боловч ч боловсролын байгууллага, тэдгээрийн бүтээгдэхүүн хоорондын чанарт жинхэнэ ялгаа бий юм.
Хоёрдахь сонголт бол бүрэн санхүүжилттэй байгууллагуудыг сонгох замаар боломжийг хязгаарлах явдал юм. Энэ нь хязгаарлагдмал боломжтой дээд боловсролын системийг авсаархан болгох хэдий ч тухайлбал Хятад, Тусгаар тогтносон улсуудын холбооны хувьд боловсролын систем нь хамгийн шилдэг бөгөөд дээд стандартаа тогтоодог .
Барууны ихэнх орон эрэлт хэрэгцээгээ дагахад анхаарч, дээд боловсролын зах зээлээ өрсөлдөөнд нээлттэй болгодог бөгөөд засгийн газрын хяналт тогтоохын тулд ардчилал, хувьчлал хоёрыг зэрэг хөгжүүлдэг.
Хяналтын хамрах хүрээ өөрөөр байж болно. Зарим оронд дээд боловсролын бүх байгууллага нь төрийн хяналтад байдаг байхад зарим оронд хувийн удирдлагатай боловсролын байгууллагууд нь төрийн хяналттай байгууллагуудтай зэрэгцэн оршдог.  Хяналт нь дотроо байгууллагын өөрийн үнэлгээ, магадлан итгэмжлэл, олон нийтийн тайлан мэдээ, аудитын зөвлөл эсвэл адил түвшний хүмүүсийн үнэлгээ зэргийг агуулж болно. Хяналтын санхүүжилт нь төрийн эсвэл хувийн байж болох ба хянагчдын бүрэлдэхүүнд их сургуулийн төлөөлөгчид болон дээд боловсролын бүх байгууллагын төлөөлөл байж болно.
Санхүүжилтийн эх үүсвэр мөн өөр өөр байж болно. Засгийн газраас их сургуулиудаа санхүүжүүлж удирддаг загвартай улс оронд сургалтын төлбөр нь маш бага, бүр төлбөргүй ч байдаг. Ийм улс оронд дээд боловсрол нь бүх иргэнд олгогдсон давуу эрх болно. Зарим орнуудад дээд боловсрол нь нийтийн боловч оюутнууд маш өндөр төлбөр төлөх шаардлагатай байдаг. Харин гуравдахь загвар нь хувийн байгууллагууд болон төрийн байгууллагууд хамтран ажиллах загвар юм.
Жишээлбэл, АНУ-д зохицуулалтын загвар нь хэд хэдэн түвшинд хэрэгждэг. Элсэлт нь үндэсний хэмжээнд явагддаг бөгөөд хяналтыг холбооны засгийн газар болон хувийн итгэмжлэгдсэн байгууллагууд тавина. Хувийн магадлан итгэмжлэлийг их сургууль болон боловсролын бүх байгууллагын төлөөлөгчдөөс санхүүжилтээ авдаг бүс нутгийн, мэргэжлийн хуулийн этгээд олгодог .
Шведийн төрийн дээд боловсрол нь зах зээлийн төвөгтэй байдалтай тулгараад байна. Швед нийгмийн халамж хамгаалттай улсын загварыг дэлхий нийтийн жишигт хүртэл хөгжүүлсэн. Дээд боловсролыг төлөвлөж, хянан зохицуулдаг хэдий ч дээд боловсрол нь үйл ажиллагааны эрх чөлөөтэй системд шилжээд байна. Шведийн их дээд сургуулиуд анх байгуулагдсанаасаа эхлэн бие даасан байдлыг нь нэмэгдүүлж мэдэх хэтийн өөрчлөлтөөс татгалздаг боловч дээд боловсролын байгууллагууд дахь төлөөлөн гүйцэтгэгч давхаргыг өргөжүүлэхэд оролцож байна. Tolofari (2008)-ийн хийсэн дэлгэрэнгүй судалгаагаар боловсролын байгууллага болон бодлого боловсруулагчдын шийдвэр Шведийн дээд боловсролын байгууллагуудын олон нийтийн үзэл санааг дэмждэг гэдгийг тогтоожээ. Энэ судалгаанаас үзэхэд Шведүүд цагаачлалыг ихэсгэж мэдэх дэлхий нийтийн боловсролын хор уршгаас их эмээж байгаа аж.
Израйлийн дээд боловсролын системд хөгжил цэцэглэж, Өмнөд Солонгосын дээд боловсрол сүүлийн хэдэн арван жилд хурдацтай түгэн дэлгэрээд байна. 1970-аад онд суралцах насны хүн амын зөвхөн 7% нь дээд боловсрол эзэмшиж байсан бол одоо дунд сургууль төгсөгчдийн 50%-иас илүү нь үргэлжлүүлэн дээд боловсрол эзэмшихээр суралцаж байна. Израйлтай төстэйгээр Өмнөд Солонгосын дээд боловсролын салбар хурдтай хөгжсөнөөр нийгэм, эдийн засаг, улс төр, боловсролтой холбоотой бэрхшээлүүд тулгараад байгаа хэдий ч энэхүү өсөлт нь боловсролын стандартыг сайжруулах их, дээд сургуулийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж чадаагүйгээс болсон гэж үзсээр байна. Өмнөд Солонгосын засгийн газрын зүгээс асар хурдтай өсөж байгаа дээд боловсролын салбарт тавьж буй хяналтаа багасгаж, хувийн секторуудыг энэ салбарт орох зөвшөөрлийг олгож эхэлжээ. Израйл улсын адилаар хувийн байгууллагуудад боловсролын зэрэг олгох хязгаарлалтыг цуцалсан нь дээд боловсролын хувьчлалын эхлэл болсон аж. Өдгөө Солонгосын нийт оюутны 95% нь хувийн байгууллагад суралцаж байна.
Энэхүү шинэчлэгдсэн систем нь Солонгосын ахлах сургууль төгсөгчдийн 80-аас илүү хувийг дээд боловсролоор хангаж чадна гэж үзжээ. Хувийн байгууллагын цэцэглэлт Өмнөд Солонгосын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Боломжийг нэмэгдүүлснээр ийм өөрчлөлт гарсан хэдий ч дээд боловсрол хувийн хэвшлээс хэт их хамааралтай болж байна. Судлаачид төрийн зүгээс зөв зохистой хяналт байхгүй нь асуудалтай гэдгийг мэдэгдсэн. Зах зээлээс ашиг олж болохуйц боловсролын системийг бий болгохын тулд төр хяналт тавих ёстой бөгөөд багшлах бүрэлдэхүүн, оюутан болон их, дээд сургуулийн үйл ажиллагааны бүтцийг тодорхойлох хэрэгтэй. Судлаачдын дүгнэснээр энэ бол тэнцвэртэй, үр өгөөжтэй боловсролын салбарыг бий болгох үндсэн нөхцөл ажээ.
Ийм явдал Хятадад тохиолдсон бөгөөд дээд боловсролын байгууллагын чанга хатуу хяналтыг элитийн системд уламжлалт аргаар тавьсан. Дээд боловсролын эрэлт хэрэгцээний өсөлттэй хосолсон даяаршил нь бодлого боловсруулагчдыг ийм хатуу чанга хяналтын бодлогоо дахин явуулахад хүргэсэн аж. Төрийн зүгээс хувийн их, дээд сургуулиудыг барьж байгуулах, түүнчлэн дээд боловсролын салбарт гадаадын сургуулийн салбар оруулахыг зөвшөөрч, төвлөрлийг сааруулж, их дээд сургуулийн тооны өсөлт, олон талт хөгжлийг залах замаар зах зээлийн эрэлт, даяарчлалд хариу үзүүлсэн. Засгийн газар болон хувийн их, дээд сургуулийн хоорондох хурцадмал байдал нь засгийн газар энэхүү салбарыг хянах удирдлага, чадамжаа алдсан гэх сэтгэгдлийг төрүүлж байна. Эрдэмтдийн авч үзсэнээр зах зээлийн шинэ нөхцөл байдалд тохирох зохицуулалтын нэгдсэн механизм буюу зөв дэг журамтай хөгжлийг нэн даруй бий болгох хэрэгтэй.
Тиймээс ч дэлхийн олон орон өөрчлөгдөж буй зах зээлд зохицох шинэ зохицуулалтын бодлого боловсруулах асуудалтай тулгарч байна. Хяналт сайтай дээд боловсролын системтэй улс орнууд хувьчлал болон зах зээлийн асуудалтай тэмцэх шинэ бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй болсон. Израйлийн байдал ч ялгаагүй юм.
4. Дээд боловсролын систем ба чанарын баталгаа
Дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын баталгаа, үнэлгээ нь зохицуулалтын нэгэн хэлбэр юм. Олон оронд дээд боловсролын чанарыг баталгаажуулах зорилготой тусгай агентлаг, загварууд байдаг хэдий ч ийм агентлагууд нь боловсролын байгууллагын гадаад шалгуурын талаар аудитор, шинжээчдийн гаргасан тодорхойлолттой санал нийлээд байдаггүй бөгөөд нийгэмлэг, боловсролын байгууллагууд өөрсдийгөө тодорхойлох зорилгоор стандартын хэрэгжилтийг шалгаж дүгнэдэг байна.
Боловсролын салбарын чанарын баталгааны тухай ойлголтыг танилцуулах нь өөрөө их төвөгтэй асуудал. Зарим хүмүүс дээд боловсролын нэр томъёонд “чанар” гэдэг үгийг хэрэглэх нь будлиантай зүйл гэж маргадаг бөгөөд энэ нэр угтаа үйлчилгээний чанарыг сайжруулахтай хамааралтай. Бодит байдалд бид “чанарын баталгаа”-ны тухай ярихдаа боловсролын зах зээлийн хяналт шалгалт, удирдлагын хяналтын чанга хатуу журам гэсэн утгыг илэрхийлнэ. Иймэрхүү удирдлагын хяналт нь илүү сахилга бат, зохион байгуулалт, удирдлагын хяналттай байхад хүргэснээр хүчтэй эсэргүүцлийг төрүүлдэг.
Ийм эсэргүүцлийг “зайнаас эсэргүүцэх” гэж нэрлэдэг ба энэ нэр томъёо нь тухайн хүн удирдлагын тавьсан шаардлагыг орон зай үүсгэх, чанарын аудитаас зайлсхийх замаар үгүйсгэхийг хичээсэн нөхцөл байдлыг тодорхойлдог. Боловсролын салбарынхан өөрсдийгөө мэргэжилдээ ямар ч санхүүгийн ашиг сонирхолгүйгээр чин сэтгэлээ зориулдаг гэж үздэг. Иймээс ч чанарын гадаад баталгаа заавал шаардлагагүй. Учир нь тэд шүүмжлэлтэй байр сууринаас өөрсдийн бүтээгдэхүүндээ дүн шинжилгээ хийхийг эрмэлздэг. Үүний улмаас тэд өөрсдөө маш сайн хувийн зохицуулалт, чанарын баталгааг бий болгодог.
Түүнээс гадна боловсролын салбарынхан судалгаа хийх, багшлах эрх чөлөөгөө байгууллагаас олгосон хуулийн эрх гэж үздэг. Дээд боловсролын байгууллагын ажилтнуудын дэмжлэгийг олохын тулд боловсролын салбарт чанарын баталгааны механизмын хэрэгжилт нь маш нарийн, тэдний шаардлагыг мэдэрсэн байхын зэрэгцээ үйлчлүүлэгчид буюу оюутнуудын хэрэгцээнд бас тохирсон байх ёстой.
Англид “Чанарын баталгааны үндэсний агентлаг”-ыг дээд боловсролын байгууллагуудын бүтээгдэхүүний чанарыг хянах зорилгоор байгуулсан. Судлаачид дээд боловсролын систем дэх зохицуулалтын хэдэн хүчин зүйлийн нэг болгон тус агентлагын үйл ажиллагааг судалжээ. Тэдний судалгааны тайлбарт боловсролын зохицуулалтын талаар сонирхолтой зүйл байхгүй ч өнөөдөр энэхүү агентлагын дээд боловсролын салбарт гүйцэтгэх үүрэг нь “зохицуулалтын дуран”-гаар энэ салбарыг судлах ёстой гэдгийг харуулж байна. Тэдний судалгааны үр дүнгээр Чанарын баталгааны агентлаг нь чанарын гадаад баталгаагаар хангах, мөн зохицуулагч болон боловсролын байгууллагуудын янз бүрийн шахалтыг холбох байдлаар зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг гэдэг нь харагдсан. Судлаачид энэхүү системийг зөвхөн боловсролын нэр томъёог мэддэг хүмүүст ойлгомжтой байлгахаас илүүтэйгээр бүх хүнд ойлгомжтой байлгах нэгдсэн нэр томьёогоор тодорхойлох хэрэгтэй гэж үзсэн.
Европын холбооны хувьд судалгааны байгууллагуудыг зохицуулахын тулд төрөл бүрийн арга хэрэглэж байгаа бөгөөд бүх байгууллага нь судалгаа, хөгжлийг дэмжих зорилгуудаа харилцан солилцсон ажээ. Нийтлэг зорилгыг үл харгалзан хоёр өөр төрлийн байгууллагууд зохицуулалтын өөр өөр хэв маягийн улмаас хамтран ажилладаггүй байсан.
Дээд боловсролын системд чанарын баталгаа ач холбогдолтой гэдгийг батлах баримтуудыг няцаан, хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бий. Өмнөд Африкийн дээд боловсролын байгууллагын чанарын баталгаа, бодлого зохицуулалтыг хариуцдаг байгууллага болох Үндэсний боловсролын албаны үйл ажиллагааг өртөг зардалтай нь холбон судалсан Блэйкмур Үндэсний боловсролын албаны үйл ажиллагаа нь боловсролын систем болон чанарын баталгааны системийн цогц байдалд нөлөөлсөн үндэсний хууль тогтоомж болон олон нийтийн шахалт хоорондын зохистой бус байдлын улмаас ажлын байрны зах зээл болон дээд боловсролын бүтээгдэхүүнд хохирол учруулсан гэж дүгнэжээ.
Израйл дахь Английн их сургуулиудын салбар сургуулийн үйл ажиллагааг судалсан Leaven, Martin хоёр (2006) дараах баримтыг гаргажээ. Хэдийгээр гадаадын салбар сургуулиуд зах зээлийн хүчин чадал, үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд суурилан дээд боловсролын системд орж ирсэн ч эдгээр хүчин зүйл байгууллагын чанарын шаардлагыг батлахад хангалттай биш. Мөн энэ жишээ нь дээд боловсролын чанар болон боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хянах гадаад нэгжийн хэрэгцээг батлан даах зах зээлийн хүчин чадлын хангалтгүй байгааг харуулж байна гэдэгт тэд итгэлтэй байна.
Чанарын баталгааны механизмыг нэгтгэх шийдвэр нь бүтцийн түвшин болон бодлогын бэлтгэл ажлыг шаарддаг цогц шийдвэр юм. Чанарын талаарх чанарын баталгааны системийн үр нөлөө нь энд дурдагдаж буй олон асуудлын нэг. Жишээлбэл, шийдвэр нь бие даасан зохицуулалтанд хэрэгтэй эсэхээс үл хамааран зөвшөөрөгдсөн байх шаардлагатай. Чанарын баталгааны бие даасан агентлагуудын чансаа хүлээн зөвшөөрөгдөх ёстой юу? Энэ асуудлын талаарх хууль тогтоох байгууллагын байр суурь юу вэ? Байгуулах гэж буй зохицуулагч агентлагын үндсэн шинж юу вэ? Эдгээр агентлагын санхүүжүүлэлтийн эх үүсвэр юу вэ? Эдгээр асуултад хариулснсаар чанарын баталгааны горимыг сайжруулах зарим хүчин зүйлс тодорхойлогдоно.
Улсын болон дотоодын шүүн тунгаах үйл явц, сургалтын чанарын баталгааны системийн үүрэг, хэмжигдэх ёстой чанарын тодорхойлолт, чанарын баталгааны хэрэгжих стандарт, чанарын баталгаа болон дээд боловсролын олон нийтийн санхүүжилтийн хоорондын хамаарал, үнэ өртгийн тооцоолол, бусад хүчин зүйл зэрэг бүтцийн олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
Кинг 2007 онд хийсэн судалгаандаа дээд боловсролын хяналтын хэд хэдэн боломжит загварыг авч үзжээ. Эдгээрийн хамгийн энгийн нь эцсийн бүтээгдэхүүнийг хянаж зохицуулалт хийдэг “Удирдлага ба хяналт” гэсэн загвар бөгөөд энэ загварт эцсийн бүтээгдэхүүнийг хянах замаар зохицуулалт хийгдэнэ. Дээрээс доошоо чиглэлтэй энэ загварт зохицуулалт нарийн хийгддэг ба хяналт нь эрх барьж буй дээд байгууллагаас дээд боловсролын байгууллагуудад шууд шилжинэ. Чанарын шаардлага хангахуйц эцсийн бүтээгдэхүүн нь энэ аргаас илүү юм. Хяналтын ихэнх объект юу шаардагдаж буйг нарийн мэдсэн байна. Өмнөд Африкийн дээд боловсролын системд хэрэгжиж байгаа аргын эсэргүүцэл болон сөрөг нөлөөг багтаасан сул талууд илэрхий. Энэ загварын өөр бэрхшээлтэй тал нь гэвэл хөшингө байдал ба хяналттай намуудын өрсөлдөөнт хандлага юм.
Мета-зохицуулалт хэмээх хоёрдахь загварт өөрийн хяналтыг боловсролын салбарын гишүүдээс бүрдсэн байгууллага гүйцэтгэнэ. Хэдийгээр энэ загвар нөлөөтэй ч “үйлчлүүлэгчийн эсрэг хийсэн мэргэжилтнүүдийн хуйвалдаан” хэмээн маргадаг үйлчлүүлэгчдийн үр ашиг муутай шүүмжлэлээр өдөөгддөг бөгөөд шийдэл болохоосоо илүү олон асуудлыг бий болгосон.
Хариу үйлдэл бүхий зохицуулалтын загвараар бол заасан шаардлагуудыг биелүүлээгүй боловсролын байгууллагуудад хориг тавьдаг. Энэ загвар ерөнхийдөө бие даасан зохицуулалт сайн зохицож буйг хэлдэг ч боловсролын байгууллагууд чанарын баталгааны дүрмийг баримтлаагүй үед тэдний хувийн удирдах эрх мэдлийг хасдаг ба энэ нь чанга хатуу хяналттай холбоотой гэдгийг үзүүлдэг.
Чанарыг баталгаажуулах өөр нэг арга бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин сэтгүүл, жишээлбэл, бүтээгдэхүүний чанарын тухай мэдээллийг хэвлэх зэрэг зохицуулалтын хоёрдогч хүчин зүйлүүдийг ашиглах явдал бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь “нэрлэн хичээх” зохицуулагч нэгжийн үүрэг гүйцэтгэнэ.
Кингийн (2007) үзэж байгаагаар “Зохицуулалт нь саадагт сумнаас цөөн нэг сум, энгийн  зурагнаас илүү нэг шигтгэмэл зураг” гэжээ. Өөрөөр хэлбэл боловсролын салбарын онцгой бүтэц болон зах зээлийн зайлшгүй хэрэгцээ хоёрыг анхааралдаа авч үзэх нэгдсэн бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн үг. 21-р зууны Израйлд дээд боловсролын системийг хэзээ, хэрхэн удирдан чиглүүлэх талаар зөвшилцөлд хүрчихээд байна. Үүний илэрхийлэл одоогийн дээд боловсролын бодлогоос тодорхой харагддаг.
5. Израйлд дээд боловсролын талаар баримталж буй өнөөгийн бодлого
Израйлийн дээд боловсрол тогтворгүй байгаа нь энэ асуудлаар олон нийтийн зөвлөлийн маргаан, ажил хаялт их байгаагаас харагддаг. Зах зээлийн хүчин чадал, засгийн газрын хяналт хоорондын харилцаанд мөрдөх тодорхой нэгдсэн бодлого дутмаг байгаа нь Израйлийн засгийн газар, их, дээд сургуулиуд болон хувийн сургуулиудын дундах хурцадмал байдлыг бий болгож, дээд боловсрол эзэмших боломжийг ихэсгэж, даяарчлалыг дэмжихийг эрэлхийлэн, дээд боловсролын байгууллагын ангилалтай зэрэглэлийн дунд ялгаварлах явдал байсаар байна. Израйлийн дээд боловсролын байгууллагуудын удирдлагын уулзалтаар энэхүү нөхцөл байдлыг дараах байдлаар илэрхийлжээ. Их сургуулиудын удирдлага уналтанд орохгүйн тулд засгийн газрын санхүүжилтийг сонирхож байхад улсын коллежууд өнөөгийн хямралыг өөрийн нөөц бололцоонд илүү тулгуурласан шинэ загварыг хөгжүүлэх боломж гэж үзэж байна. Их, дээд сургуулиуд хямрал нь төгсөгчийн боловсролд тавигдах шаардлагыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байхад коллеж нөөц бий болгох төлөвлөлтийг боловсруулж байна.
Дэлхийн зах зээлийн үзэл баримтлалд нэгдэх хүслийн илэрхийлэл нь дэлхий нийтийн үнэ цэнэ, зарчмуудыг, ялангуяа үр ашигтай байх зарчмыг хэрэгжүүлэх Мелтцийн Хорооны дүгнэлтэд илт тодорхой байна. Тус Хорооноос (2000) их сургуулиудад өргөн дэлгэрсэн бүтцийн болон ажиллагааны загвар нь өөрсдөд нь боломжтой байгаа бодит нөөцийн зөв зүйтэй хэрэглээг олгодоггүй гэж дүгнэжээ. Их, дээд сургуулиудын удирдах түвшинд болон үйл ажиллагаа явуулах арга барилд үр ашигтай өөрчлөлт хийхийг энэ хороо санал болгосон байна.
Зарчмын хувьд тус хорооны санал нь боловсролын салбарт олон улсын эдийн засгийн нео-либерализмийн үзлийг түгээх, боловсролын бүтээгдэхүүн болон санхүүгийн алдагдлыг тайланд тусгахыг үүрэг болгон их сургуулиудыг хувь нийлүүлсэн аж ахуйн хэлбэрт шилжүүлэхэд уриалсан явдал юм. Энэ үйл явц нь дээд сургуулийг хувьчлах анхны алхам байсан.
Хорооны шийдвэрийг үл харгалзваас зохицуулалтын бодлогын дагуу боловсролын байгууллагын зэрэглэлээс хамаарч харилцан адилгүй төсөв олгогддог. Төсвийн 60%-ийг их сургуульд, 40%-ийг коллежид хуваарилдаг бөгөөд төсвийн ихэнх хэсгийг хүртсэн их сургуулийг бусад төсвийн байгууллагуудтай төрийн хязгаарлагдмал нөөцийг хуваалцахыг албаддаг. Их сургууль, коллеж хоёрын ялгаа бол судалгааны ажилтан, багш нарын ажиллах нөхцөл болон дээд боловсролын төсвийн таналт хийхээр санаачилсан “Хувьчлалд зориулсан хуваалт” бодлогын үр дүн юм. Их сургуулиудтай харьцуулахад төрийн болон хувийн коллежиудад дээд боловсролын тухайд нэг оюутанд оногдох төсвийн зардлыг бууруулж, элсэгчдийн тоогоо нэмэхийг зөвшөөрсөн. Судалгааны  ажлын зардалд хязгаар тогтоож, цалинг нь бууруулахын зэрэгцээ коллежийн багш нарын ажиллах нөхцөл өөрчлөгдөн ажилтан нэмж авах боломжтой болсон байна.
Хувьчлал нь коллежиудын хувьд онцгой үйл явц болж, бизнесийн шинэ санаанд зохицуулан их сургуулиудад шалгуур тавьж эхэлсэн. Жишээ нь, их сургуулийн зүгээс  төсөвтэй болон төсөвлөөгүй сургалтын програмаа зааглаж эхлэн, оюутан буюу хэрэглэгчдийн хэрэгцээнд тулгуурлан сургалтын хөтөлбөр, суралцах орчинг өөрчилжээ.
Түүнчлэн хэрэглэгчийг тайвшруулах маркетингийн бодлого нь системд нэвтэрсэн төдийгүй эдгээр санаа судалгааны чиглэлийг шүүлтүүрдэн мэдлэгийн өндөр хэрэгцээ шаардсан салбарт их хэмжээний судалгааны тэтгэлэг хүртэж, судалгааны бусад салбарт олгох мөнгөн тэтгэлэг багасгах болжээ. Хувьчлал мөн багшийн сургалтанд нөлөөлж, байгууллагын ахлах ажилтнууд болон туслах багш нарын хооронд ялгаа бий болов. Шинэ бодлого хэрэгжүүлсний үр дүнд бага цалинтай багшийн ажил эрхлэлт боловсролын салбарт явагдаж буй судалгааны ажлын хувийг бууруулахад нөлөөлсөн. Шохат хорооноос  багшийн цалинг ялгаатай олгохыг зөвшөөрч, тэднийг амжилтаар нь үнэлэн ялгаатай хөлс олгохыг хөхүүлэн дэмжжээ.
Тухайн үед их сургуулиуд зах зээлийн зарчмыг нэвтрүүлэхийг үл зөвшөөрөн албан ёсны эсэргүүцэгчид хэвээр үлдэж, судалгааны давуу чанар болон боловсролын эрх чөлөөг дэмжих тал дээр маргалдаж байв. Жишээлбэл, Гордон (2005) Мэлтцийн хороотой төгс байдлыг дэмжих гол арга замыг бүрдүүлдэг урам тэмүүллийг анхаарч үзээгүй байна гэж маргасан ч, харамсалтай нь Мэлтцийн хорооноос санал болгож буй байгууллагын бүтэц, үнэний эрэлхийлэл, төгс байдалд хүрэх тэмүүллийн хоорондын холбооны тухайд ямар ч тайлбар хийгээгүй... Судлаачдын хуумгай байдлаас болж тайлан илтгэл худал гардаг. Хэдийгээр Мэлтцийн хорооны зарим гишүүд профессор байсан ч төгс байдал, амжилт хоёрын ялгааг зааглаагүй. Тайлан илтгэл нь түүх, гүн ухаан, улс төрийн талаар харанхуй мэдлэгтээ тулгуурлан бичсэн... Мэлтцийн тайлан гаргагчдын алсын хараагүй, хайнга хойрго, өнгөц байдал тэдний шийдвэрээр Сенатыг хүртэл татан буулгах нь илхэн байв.
“Пост-модерн үеийн боловсролын орчин, эцэс төгсгөлгүй хийрхэгч, албан бус утга санаа” нийтлэлдээ Гүрзев их сургуулиудад нөлөөлсөн эрс өөрчлөлтийг Сангийн яамны цуцашгүй нео-либерал ажилтнуудын удирдлагын шийдвэрээр өдөөгдсөн зохиомол өөрчлөлтүүдтэй холбон бичсэн. Гүрзевийн үзсэнээр их, дээд сургуулийн статусын өөрчлөлт нь мэдлэгийн статусын өөрчлөлт; хүн субьектийн статус; судалгаа шинжилгээний аргын өөрчлөлт; утгын тайлал; утгын төлөөлөл; хүний оршин тогтнох хэтийн төлөвт тусгалаа олдог байна.
Бид Израйлийн боловсролын, ялангуяа дээд боловсролын тогтолцоот үзлийн үлгэр жишээ өөрчлөлтийн гэрч болж байна. Эрх тэгш байдал, нийтлэг боломжийн үнэ цэнийг худлаа магтаж, боловсролыг нийгмийн хөдөлгөөн байдлаар хардаг байсан системээс салж, одоо тэр систем хувь хүний ашиг сонирхол, өрсөлдөөний үнэ цэнэ болон капитализм гэсэн агуулгаар боловсролыг үнэлж дүгнэсэн. Ухамсар дахь өөрчлөлт бүх нийтийн боловсролын хувьчлал болон хувирч байна. Харилцан адилгүй ашиг сонирхлууд тал тал тийш нь хөтөлж байгаа болохоор энэхүү хувьсгалт өөрчлөлт хараахан болоогүй. Эдгээр өөрчлөлтийг Израйлийн дээд боловсролын систем эдийн засаг, нийгмийн өөрчлөлтүүдтэй нягт уялдаатай байж, эрин үеийнхээ үзэлтэй нийцэж байх ёстой гэж үздэг коллежийн төлөөлөгчид дэмждэг.
Даяаршлын үед боловсролын салбар үүд хаалгаа нээснээр бодлогын парадигм болон нийтлэг зохицуулалт хандлагыг зөвшөөрөх үзэл суртлын хэтийн төлөвийг тохируулан авч болохыг баримт харуулж байна. Бодлого хэрэгжүүлэх явцад учрах бэрхшээлийг зохицуулах ажил дутагдалтай газарт асуудал үүсч байна. Их, дээд сургуулийн хамт олон нь хувьчлалыг “боловсролын орчны хөгжлийн сүүлийн шат” гэж үзэж байхад Удирдлагын коллежийн ерөнхийлөгч профессор Ньюман “Их сургууль яг банктай адилхан”, Дээд боловсролын Хороо банк, даатгалын төлөөлөгчтэй төстэй үйл ажиллагаа явуулах ёстой, “Банкны төлөөлөгчийн тодорхойлсон шалгуурт нийцсэн аливаа компанийг банк гэж нэрлэнэ” гэсэнтэй нэгэн адилаар “их сургууль гэж юу болохыг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг гарган, эдгээр шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа аливаа боловсролын байгууллагыг их  сургууль гэж нэрлэж болно” гэж мэдэгдсэн. Мөн тэрээр “манай салбарын өнөөгийн нөхцөл байдлыг харвал үйл ажиллагаа явуулж байгаа банкуудад зөвшөөрөл олгож, үйл ажиллагаа явуулах гэж буй шинээр байгуулагдсан банкинд зөвшөөрөл олгодоггүйтэй адилхан” гэжээ.
Харин бусад хүмүүс “их, дээд сургууль бол ардчиллын эсрэг нэгж... яг арми шиг. Үр ашиг зайлшгүй чухал байдаг тэр орчинд ардчилал орших орон зай байхгүй..., хэрэв тэнд зөвхөн  тоо байлаа гэж бодоход төгс чанар орших орон зай байхгүй” гэж хэлдэг. Хувьчлалыг эсэргүүцэгчид хэлэхдээ их, дээд сургуульд эдийн засгийн бодлогыг ашиглана гэдэг бол “барьж хэзээ ч чадахгүй үлээж байгаа салхи шиг, тэмцээд хэзээ ч баршгүй удаан үргэлжлэх байгалийн гамшиг шиг хэцүү зүйл. Энэ бүхэн төсвийг танах, анги танхимийг өргөтгөх, туршилтын өрөө хуучрах, албан ажил алга болоход илэрнэ. Энэ бол сэтгэлийн хөөрөл. Энэ бол нэгэн төрлийн өвөрмөц дайн” гэж үздэг.
Даяаршлын ертөнцөд дээд боловсролыг удирдах хэд хэдэн боломжит стратеги улс орны засгийн газарт бий. Нэгдэх боломж нь төрийн хяналт, удирдлагыг хатуу чанга зохицуулалт, өргөн хүрээтэй удирдлагын механизм, төсвийн хяналтын хэлбэрээр ашиглах боломж. Хоёрдахь боломж нь боловсролын үнийн төрийн зохицуулалтыг арилгах, Засгийн газар алсаас хяналтыг дэмжиж байгаа тохиолдолд дээд боловсролын байгууллагуудад эрх мэдлийг шилжүүлэн олгох замаар бие даасан зохицуулалтыг хийх боломж юм.
Израйл улсад таарч тохирсон бодлогыг албан ёсоор хуулбарлан хэрэгжүүлж байгаагүй. Үүний оронд “савааны хоёр үзүүрээс барих” бодлого хэрэгжүүлж ирсэн. Нэг талаас бид хувийн дээд боловсролын байгууллагуудад боловсролын зэрэг олгох зөвшөөрөл олгосноор боловсролын өмч хувьчлал хийгдэж, боловсрол олголтыг их хэмжээгээр үйлдвэрлэх болсныг гэрчилнэ. Нөгөө талаас зах зээлийн чадлын судалгааг үл хайхран (нийт оюутны 64%-иас илүү нь коллежид орсон) коллеж, их дээд сургуулийг өөр хооронд нь ялгаварлан үздэг төсвийн бодлогыг бий болгосон.
Энэ солбицол дээр хэд хэдэн жүжгийн зохиолын үзэгдэл бичих боломжтой. Эхний боломж бол идэвхгүй үлбэгэр байдлаас үүдэлтэй. Бид их, дээд сургуулийн судалгааны ажлыг уналтад орох хүртэл энэхүү үлбэгэр стратегийг мөрдөх болно. Коллежид бүртгэгдсэн оюутны тоо үргэлжлэн өснө. Эхний хориод жил бид нийтлэг арга зам болон чанаргүй системтэй нүүр тулна. Хэрвээ бид тохирсон бодлого, хатуу чанга удирдлага, тогтсон бүтцийн аль аль нь байхгүйгээр өнөөгийн чиг хандлагаар үргэлжлүүлэн явбал үр дүн нь ийм л тааруухан байх болно.
Өөр нэг боломж бол боловсролыг нийгэм, эдийн засгийн хувьсамтгай чанар, мөн зорилгодоо хүрэх цаг үеийн шаардлагад нийцсэн урт хугацааны улсын зардал гэсэн утгаар харах явдал юм. Энэхүү үзэл бодол нь чанар болон ашиглах боломж хоёрыг хоёуланг үнэ цэнэтэйд тооцдог. Энэ боломж тэгш эрхийн зарчмыг авч хэрэгжүүлж мөн өрсөлдөөнд зах зээлийг нээх замаар их, дээд сургууль болон коллежийн аль аль нь адил тэнцүү төсөвтэй, бүх их, дээд сургууль чанарын өндөр стандарт хангадаг гэсэн баталгаа гаргадаг зохицуулалтын механизмтай байгууллагыг бодитой зүйл болгож болох юм.
Өнөөдөр бид өнгөрсөн рүүгээ буцаж очоод “амьдралаас тасархай цамхаг” дээр нь дээд боловсролыг ахин цэгцлэж чадахгүй. Буцах зам ч байхгүй. Бид хувьчлалын үр ашгийг үгүйсгэж болохгүй. Харин бид системийг үр дүнтэй болгохын тулд ажиллах ёстой. Мөн зах зээлийн хандлагыг өвөрмөц саад тотгортой хамтад нь авч хэрэгжүүлж, зохицуулалтын системд баланс барих ёстой.
Нэн түрүүнд бүх их, дээд сургуульд тохиромжтой, нийтлэг бодлогыг авч хэрэгжүүлэх явдал чухал болоод байна. Тухайн бодлого нь 21-р зууны эхний арван жилийн төгсгөл гэхэд судалгаа шинжилгээний давуу тал болон чанараа хадгалахаас гадна өрсөлдөөн өөрчлөгдөж байгаа дэлхийтэй зохицох ёстой. Жинхэнэ өрсөлдөөнд хүрэхийн тулд зах зээлийг нээж, ингэснээр бүх сургалтын байгууллага тэгш байдлаар дээд боловсролын хөлөг онгоцыг залан чиглүүлэхэд зах зээлд уялдуулан өрсөлдөх замаар давуу талыг судлахад түүнийг ашигласнаар хоёр зорилгодоо хүрэх боломжтой юм. Эдгээр нь аудит гэдэг зохицуулалт болон удирдлагын системээр удирдагдаж дээд боловсролын байгууллагууд болох их сургууль, коллежийн үйл ажиллагааг боловсронгуй болгож үр бүтээмжийг нь өсгөдөг байх ёстой.
Цаашид бид төгсөгчдөө хэрхэн хөгжүүлэхийг хүсч байгаагаа шийдэх ёстой. Бид төгсөгчийг анх бүртгүүлсэн үеийнхтэй нь адил байдалтайгаар тухайн орны хөдөлмөрийн талбарт илгээхийг хүсч байна уу? Бид хөдөлмөрийн зах зээл дээр өөр өөр байгууллагын төгсөгчдийн хооронд ялгаа тогтоохыг хүсч байна уу? Боловсролын сайд асан Amnon Rubinstein-ий үзсэнээр дээд боловсролд хүрэх нийтлэг төсөөлөл чухамдаа амьдралд хэрэгжээд байгаа. Гэхдээ ямар үнэ өртгөөр? Бид чанарын зардлын тоо хэмжээг нэгтгэж үзсэн үү? Үүнд хүрэх боломж хангалтгүй юм. Яагаад гэвэл төгс байдал үнэ цэнэ хоёр хослоогүй тохиолдолд боломжийн үнэ цэнэ нь буурдаг. Жинхэнэ тэгш эрх, жинхэнэ боломжид хүрэхийн тулд бүхий л их, дээд сургууль боловсролын төгс байдлын стандартыг хангах учиртай гэдгийг бид батлах ёстой.
Зорилгодоо хүрэх бидний хамгийн үр дүнтэй арга зам бол дээд боловсролд чанарын баталгааны механизмыг хөгжүүлж ашиглах явдал юм. Их, дээд сургуулийн эн тэргүүний эрмэлзэл бол чанарын баталгаагүй байхаас зайлсхийх явдал. Энэ нь магадгүй ”хараат бус байдал буюу бие даасан хяналт”-ын дор их, дээд сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж байх хугацаандаа бэхжүүлэлт хийх явдал юм. Гэхдээ бид чанарын баталгаа бол бусад хүмүүст төвөгтэй байдаг шиг ойлгоход бэрх ухагдахуун биш гэдэгт итгэдэг. Чанар нь  тодорхойлогдох боломжтой. Ижил төстэй их, дээд сургуулийн суурийг тавих, сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг тогтоох, тэдгээрийн чанарыг судалж шинжлэх, бүхий л институтад ижил төрлийн шалгалт авах зэрэг нь чанарын баталгааны боломжийн нэгээхэн хэсэг болно.

Израйлийн дээд боловсролын тухайд цөөнхийн хувьд мэдлэг хориогүй болсон үе, мэдээллийн технологийн эргэлтийн үе, мэдлэг оюун нь хүч чадал болсон үе, олонхи түүнийг олж авахыг хүсдэг болсон үе. Энэ цаг үед бидэнд хоёр сонголт байна. Нэгд өндөр ур чадвар эзэмшүүлэх зардлаараа өрсөлдөж байгаа үед одоо байгаа нэгж салбаруудыг хэвээр нь ажиллуулах, оюутны тоо өсөхийн хэрээр дээд боловсролын чанар буурч байгаа үед их, дээд сургуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх. Хоёрдугаар сонголт бол үнэ төлбөргүй, нээлттэй, өрсөлдөөнт зах зээл, чанарын баталгааны дээд стандартад хараахан хүрээгүй байгаа тэр их, дээд сургуулиудыг дэмжих, өөрчлөлтийг ашиглах явдал юм.

No comments:

Post a Comment