Wednesday, September 4, 2013

Дээд боловсролын шинэчлэлийн төсөл


Дээд боловсролын шинэчлэлийн төсөл (ДБШТ)-ийн гол зорилго нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас явуулж буй Монголын дээд боловсролын салбарыг шинэчлэх  үйл ажиллагааг дэмжихэд оршино. Дээд боловсролын салбарыг бүхэлд нь хамарсан сул тогтолцоог халахад эрх зүйн орчны шинэчлэлээр дамжуулан засаглал, удирдлага, санхүүжилтийн хэлбэрийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсруулах, чанарын баталгаажилтийг дотоод чанарын хяналтаар бататгах, багш ажилчдын чадавхийг тогтмол дээшлүүлэх, сургалт, судалгааны чадавхи, орчин нөхцлийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг дэмжих, дээд боловсролын бодлогын орчныг  сайжруулах, иргэдэд тэгш хүртээмжтэй дээд боловсрол олгох зэрэгт шинэчлэлийн үйл ажиллагааг чиглүүлнэ.
 Төсөл (i) дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн чанар, нийцлийг сайжруулах; (ii) засаглал, удирдлага, санхүүжилтийн үр өгөөжийг дээшлүүлэх (iii) дээд боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх гэсэн гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй.
Үр дүн
Дээд боловсролын чанар, нийцэл сайжирна.
Дээд боловсролын засаглал, удирдлага, санхүүжилтийн үр өгөөж нэмэгдэнэ.
Дээд боловсролын тэгш, хүртээмжтэй байдал дээшилнэ.

Хэрэгжүүлэх хугацаа
2012 - 2016  он хүртэл

Хэрэгжүүлэгч байгууллага
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам

Санхүүжилт
Азийн Хөгжлийн Банк нь 2012 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар Монгол Улсын боловсролын салбарт 62.5 сая ам.долларын зээл олгоод байна.

Дээд боловсролын шинэчлэлийн төсөл нь Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлийн 20 сая ам.доллар, Монгол улсын засгийн газрын 2.22 сая ам.долларын хөрөнгөөр санхүүжиж байна.


Манай төслийн хэрэгжүүлэх гол үйл ажиллагаа
  • Төрийн өмчийн их, дээд сургуулиудын академик эрх чөлөө, захиргаа удирдлага, санхүүгийн бие даасан, хариуцлагатай байдлыг  хангах зэргээр сайн засаглалыг зарчмыг дээд боловсролд нэвтрүүлэх зорилгоор Дээд боловсролын тухай хуулинд зохих нэмэлт өөрчлөлтийг оруулна.
  • Эрх зүйн орчны шинэчлэлээр дамжуулан ил тод, хариуцлага, тайлагналын тогтолцоо бүхий байгууллагын бие даасан төлөвшлийг хангах, хамтын засаглалын зарчмыг  төрийн өмчийн 2 их, дээд сургуульд туршиж үзсэний үр дүнд 14 их, дээд сургуульд хэрэгжүүлж нэвтрүүлнэ.
  • Хувийн их, дээд сургуулиудын чанарыг дээшлүүлж, тогтвортой байдлыг хангах зорилгоор шинэчлэлийг хувийн хэвшлийн 2 их, дээд сургуульд туршиж, 10 их, дээд сургуульд хэрэгжүүлж нэвтрүүлнэ.
  • Дээд боловсролын салбарын олон талт хөгжлийн санаачилгыг санхүүжүүлэх  өрсөлдөөнт тэтгэлэг олгох шударга тогтолцоог нэвтрүүлэх үндсэн хөдөлгөгч болсон Дээд боловсролыг дэмжих санг байгуулна.
  • Их, дээд сургуулиудын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр дээд сургуулийн 4,500 багш, 70 сургагч багш, 800 удирдах ажилтныг гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна.
  • 22+7 их, дээд сургуулийг орчин үеийн компьютер, тоног төхөөрөмж, сургалтын материалаар хангаж сурах орчныг сайжруулна.
  • Төслийн дэмжлэгтэйгээр нийт их, дээд сургууль магадлан итгэмжлэлд хамрагдаж, тэргүүлэх чиглэл болох байгалийн ухаан, инженер, технологи, хөдөө аж ахуйн чиглэлийн 3 хөтөлбөр олон улсын хэмжээнд, 20-иос доошгүй хөтөлбөр үндэсний  хэмжээнд магадлан итгэмжлэгдэнэ.
  • Сургалтын цөм хөтөлбөрт тавигдах шаардлага, багц цагийн болон түвшин тогтоох  тогтолцоо бүрэн утгаараа хэрэгжин, их, дээд сургуулийн 50-аас доошгүй хувь нь дотооддоо сургалтын хөтөлбөрөө хянан, боловсруулах чадавхитай болно.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан    хөтөлбөр байгуулахыг дэмжинэ.
  • Тэргүүлэх чиглэлээр явуулах сургалт, судалгааны ажлын үр дүн, чадавхийг сайжруулах зорилгоор орчин үеийн судалгаа шинжилгээ хийх сургууль дундын 2 лабратори байгуулна.
  • Тэргүүлэх чиглэлүүдээр судалгааны 60 төслийг өрсөлдөөнт тэтгэлгээр дамжуулан санхүүжүүлнэ.  
  • Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа 4, төгсөгчдийн ажил эрхлэлтийг мөшгих  судалгаа 12-ыг  хийсний үндсэн дээр судалгаа авах арга, мехнанизмийг тогтмолжуулан, сургалтын хөтөлбөрийн бодлого, стратегид судалгааг тусгах чиглэлээр тогтсон системтэй болно.
  • Бүх их, дээд сургуулийн дунд нээлттэй үйлчлэх үндэсний хэмжээний цахим сургалтын  төв 1, бүс нутагт үйлчлэх салбар төв 3, цахим тестийн төв 2-ыг тус тус байгуулж, мэдээллийн технологийн дэвшлийг сургалтад ашиглах боломжийг нэмэгдүүлнэ.
  • Мэдээллийн удирдлагын системээр дамжуулан дээд боловсролын салбарын хяналт, үнэлгээ хийх чадавхийг дээшлүүлнэ. 
Дээд Боловсролын Шинэчлэлийн Төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс үзнэ үү.